Хотын соёл ба музей

Bilegt Bn
5 min readMay 19, 2020

--

“Гэрээсээ музейд” төслийнхний Олон улсын музейн өдрөөр хийсэн хэлэлцүүлгийг тоймлолоо.

Музей үзэх ямар ач холбогдолтой вэ?

Г.Очбаяр: Музейгээс олон нийтэд зориулсан олон хөтөлбөр бий. Музейг зөвхөн үзмэрүүд хадгалж, үзүүлдэг газар гэж ойлговол олон зүйлийг орхигдуулсан хэрэг болно. Манай музейд л гэхэд, олон нийтийн боловсролд чиглэсэн “Би хотын иргэн” хөтөлбөр, ЕБС-уудад ордог лекц, Улаанбаатар хотын аялал зэрэг олон зүйлийг дурдаж болно. Хотын аяллаар явсан хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй үлддэг.

Жишээ нь 1990 онд “Сити тур” компаниийн хийдэг байсан хотын аяллаар явсан хүүхдүүд одоо эцэг эхчүүд болчихсон яваа. Тэд манай музейгээр хүүхдүүдээ дагуулж орохдоо тэдний амьдрал дахь хамгийн нандин дурсамжуудын нэг нь тэр хотын аялал байсан тухай ярьцгаадаг.

Музейн боловсролын ажил гэж юу вэ?

Д.Эрдмаа: Музей нь үзмэр цуглуулж, хадгалж, бусдад таниулахаас гадна тухайн үзмэрүүд дээрээ тулгуурлаад олон нийтийн хөтөлбөр бэлддэг. Ингэснээр хүүхдүүд зөвхөн музей үзэхээс гадна боловсролын хөтөлбөрт хамрагдаж түүх соёлоо танин мэдэж, өөрсдийн сэтгэхүйгээ баяжуулдаг. Ленин багшийн “Сур сур бас дахин сур” гэдэг чинь хүн сурсан зүйлээ давтаж байж сайжруулдаг гэх цаанаа онолын үндэстэй сургааль юм шүү дээ. Ингэхээр, сурсан эрдмээ бататгах нэг арга зам нь музейн хөтөлбөр юм.

Үзмэр болгон өөрийн настай тул зарим үзмэр 100 жилийн дараа устлаа ч хүмүүсийн тархинд хадгалагдаж үлдэх юм шүү дээ.

Тиймээс музейн нэг үүрэг нь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх. Яагаад үзмэрүүдийг хадгалж, сэргээн засварлаж байгаа вэ гэвэл эцсийн зорилго нь олон нийтийг соён гэгээрүүлэхэд л оршиж байгаа юм. Үзмэр болгон өөрийн настай тул зарим үзмэр 100 жилийн дараа устлаа ч хүмүүсийн тархинд хадгалагдаж үлдэх юм шүү дээ.

Танин мэдэхүйн зорилгоор сурсан зүйлс хэзээ ч мартагддаггүй тул түүхийн хичээлдээ бэлдлээ гэхэд музейгээр дамжуулж олж авсан мэдлэг тэр хүүхдийн насан туршийн боловсрол болно. Энэ талаас бодвол музей бол нийгмийн нэг толь, олон нийтийн гэгээрлийн, танин мэдэхүйн том төв юм.

2019.05.18-ны олон улсын музейн өдрөөр Улаанбаатар хотын музейд

Д.Мөнхтогоо: Музей үзэх бол хотын соёлын нэг хэсэг. Аав ээжүүд хүүхдээ дагуулаад музей үздэг соёлд суралцаасай гэж би хүсдэг. Сайшаалтай нь, манай музейн зохиож байгаа үйл ажиллагаанд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ их ирдэг болсон. Музей үзсэнээр аливааг танин мэдэхээс гадна өөрийгөө ч илүү таниж мэдэх боломжтой шүү дээ.

Музейд үзмэрийг хадгалж сурталчилдаг байсан бол одоо нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг нь нэмэгдэх болсон. Үзэгчдийг орж ирэхэд тасалбар тасалж өгөх хэсгээс эхлээд музейд чанга яриж, гүйж харайж болохгүй дүрмүүд хүртэл хүүхдүүдийг хүмүүжүүлж байдаг. Хүүхдүүдээ зузаан зузаан номоор даралгүй тэднийг дагуулаад музей үзэх нь илүү үр дүнтэй ч тохиолдол бий.

Бага нас ба музей орсон дурсамжууд

Г.Очбаяр: 11 жил ажиллаж байгаа Улаанбаатар хотын музейтэйгээ анх хэрхэн холбогдсон түүхээ хуваалцъя. Их сургуулийн хоёрдугаар курст байхдаа UBS телевизээс зохиодог “Алтан хонх” нэвтрүүлгийн нэг дугаар нь хотын түүхээр болно гээд ангиараа бэлдэж байлаа. Ингэж бэлдэхдээ би Улаанбаатар хотын музейг олж ирээд бүх үзмэрийг нь тайлбарлуулж, “Ийм асуулт ирж магадгүй” гээд асуултууддаа бэлдэж байхдаа “Хот маань ямар сонирхолтой түүхтэй юм бэ” гэдгийг анх ойлгож авч байсан. Энэ тэмцээнд бид түрүүлж чадалгүй 4-р байранд орж байсан ч би их сургуулиа төгсөөд музейдээ ажилд орж байлаа.

Ийм түүхтэй музейд ажиллаж байгаа маань миний амьдралд тохиосон хамгийн баяртай явдлуудын минь нэг.

Улаанбаатар хотын музейн өнгөрсөн ба одоо

Хэдий өнгөрсөн цаг дээрх түүхийн үзмэрүүд музейд маань байдаг ч олон нийтэд зориулсан олон үйл ажиллагаа болдог учраас миний ажил маш сонирхолтой. Хүмүүсийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлдэг энэ ажилдаа би хайртай. Музейн барилга маань өөрөө хотын хамгаалалтанд байдаг 101 жилийн түүхтэй байшин. Ийм түүхтэй музейд ажиллаж байгаа маань миний амьдралд тохиосон хамгийн баяртай явдлуудын минь нэг.

Д.Мөнхтогоо: 3-р ангидаа анх түүхийн музей үзэж байсан минь хамгийн тод дурсамж болж үлдсэн байна. Музей үзсэний дараа би монгол хэл, түүхийн хичээлээ илүү сонирхдог болж байсан. Музей үзсэнээр хэдхэн цагийн дотор маш их зүйл шинээр сурч мэдэж авдаг. Үндэсний түүхийн музейг жилд 60 мянган хүн үздэгийн тэн хагас нь гадаадын жуулчид, үлдсэн нь монголчууд юм. Жил ирэх болгон бид музей үзэх нь ихэсч байна.

Д.Эрдмаа: Баянхонгор аймагт би хүүхэд насаа өнгөрөөсөн. Бага байхдаа анх Баянхонгорын музейд ороход миний сонирхлыг хамгийн ихээр татаж байсан зүйлс нь эртний хүмүүсийн гал гаргасан түүх, тэдний агуйд хэрхэн амьдардаг тухай байсан. Одоо бодоход энэ үед миний аливаад шинжлэх ухаанчаар хандах сэтгэхүй хөгжиж байсан юм болов уу.

Ингээд анх Улаанбаатар хотод ирээд уран зургийн галлерей, хотын музейнууд үзсэн дурсамж их тод үлдсэн байдаг. Анх галлерей орохдоо их уурлачихсан байж таарсан. Ингээд тухайн үед байсан, нэг хүн алсыг харан цээжээ балбаж буйг дүрэлсэн зургийг хараад миний хамаг уур амьсгалаар гараад дотор онгойчих шиг болж билээ. Ингээд бодохоор музей, галлерейнууд хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг хамгийн тухтай газруудын нэг юм шиг.

Б.Батбилэг: Бага байхдаа би Байгалийн түүхийн музей, Үндэсний музей орж үзэж байснаа тод санадаг. Байгалийн түүхийн музей орсон маань надад маш гоё дурсамж болж үлдсэн байдаг ч харамсалтай нь нураачихсан. Одоо үзмэрүүдийг нь хаана яаж хадгалж байгаа бол гэж Улаанбаатар хотын иргэний хувьд санаа зовж байна.

Үндэсний музейгээр хүүхэд байхдаа орж үзэхэд хуучны цэргүүдийн том том өмсгөлүүдээс анх сүрдэж байж билээ. Гадаадын орноор аялж явахдаа тухайн орныг илүү мэдье гэвэл музейгээр нь орж үздэг. Түүх соёлоо хадгалж бусдад сайн сурталчилж, түгээж чадаж байгаа ард түмэн хүчтэй байдаг гэдэг. Монгол улс маш баялаг түүхтэй учир энэ бүх түүхээ хүмүүст түгээх нь надад их чухал санагддаг. Түрүүн музейд болзох тухай ч бас ярьж байна. Гоё л сонсогдож байна.

Бусад улсын соёлоор тархиа угаалгачихсан гэмээр энэ үед хотынхоо музейг үзэхэд энэ бүхнээс тасарч буцаад өөрсдийн соёлтой ойр болж байгаагаа мэдэрдэг.

Би 1992 онд төрсөн. Энэ үед Америкийн соёлын довтолгоо маш хүчтэй байсан. Бидний үеийнхэн барууны хөгжим, кино, хүүхэлдэйг үзэж өсцгөөсөн. Бусад улсын соёлоор тархиа угаалгачихсан гэмээр энэ үед хотынхоо музейг үзэхэд энэ бүхнээс тасарч буцаад өөрсдийн соёлтой ойр болж байгаагаа мэдэрдэг. Тиймээс урлаг бүтээгчид ч бас өөрсдийн бүтээлийн хөг аялгуу, мэдрэмжүүдээ музейгээр явахдаа олж аваасай гэж бодож байна.

Хэлэлцүүлгийг бүтнээр нь эндээс үзээрэй: https://www.facebook.com/gogo.mn/videos/279276429911559/

UB comedy, UB museum project-ын хамтарсан арга хэмжээнд Г.Очбаярын хотын түүхийн талаарх ярисан яриаг үзэхийг хүсвэл: https://www.youtube.com/watch?v=A2DG8ndVTKo

Гэрээсээ музейд төслийн хуудас

Улаанбаатар музей төслийн хуудас

Улаанбаатар музейн хуудас

Үндэсний музейн хуудас

--

--

No responses yet